Х.Баттулгад Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрх бий

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0
 

 

Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу? 
 
Өмнө сонгогдож байсан Ерөнхийлөгчид болон одоогийн Ерөнхийлөгчийн хооронд зарчмын ямар ялгаа байгаа вэ?
 
Зарчмын ялгаа бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь одоогийн Ерөнхийлөгчийг албан үүргээ гүйцэтгэж байхад хийгдсэнд оршино. Тэгвэл энэ нэмэлт өөрчлөлтөөр өмнөх ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юу? 2019 оны 11 дүгээр сарын 14-ны Үндсэн хуульд оруулсан бичилт бол нэмэлт, өөрчлөлт болохоос шинэ Үндсэн хууль биш юм. Нэмэлт, өөрчлөлт ороход өмнө дуусгавар болсон харилцаа сэргэж болохгүй. Гэрлэлтээ цуцлуулсны дараа өмнөх гэрлэлт нь сэргэж болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл "хэрэв” Үндсэн хуульд 3 удаа ерөнхийлөгчөөр сонгогдож болно гэж өөрчлөлт оруулсан бол өмнөх бүх ерөнхийлөгчид 1-2 удаа дахин сонгогдох эрх үлдсэн байна гэж тайлбарлах уу? 
 
Нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө Үндсэн хуульд "4 жилийн хугацаагаар сонгоно”, "нэг удаа улируулан сонгож болно” гэсэн өгүүлбэр байдаг. Энэ хоёр өгүүлбэр нэг зүйл, заалт дээр давхар бичигдээгүйг анхаарах хэрэгтэй. Ерөнхийлөгч нэг удаа сонгогдоод, дахин нэр дэвшихгүй ч байж болно.

Харин дахин нэр дэвшээгүй тохиолдолд ~ жилийн дараа надад 1 сонгогдох эрх үлдсэн гэж маргаж болохгүй! Учир нь "улируулан” гэдэг томьёололд гол хаалт нь оршино. 2 сонгогдсон уу? Эсхүл 1 сонгогдсон уу гэдгээс үл хамааран Үндсэн хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд ажилласныг Ерөнхийлөгчөөр сонгогдсон, бүрэн эрхийн хугацаандаа ажилласан, эрхэм үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Иймд өмнөх ерөнхийлөгчид бүгд нэр дэвших эрх байхгүй. 
 
Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу? Гол асуулт нь хуульд нэмэлт, өөрчлөлт орох үед үр дагавар нь хөндөгдөх харилцааг яаж зохицуулах вэ гэдэгт юм? Эрх зүйн зарчим бол энгийн –талууд хэрхэн зохицуулах хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, буулгасан байх ёстой. Хэрэв хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, буулгаж бичээгүй бол ямар эрх, хууль ёсны сонирхол хөндөгдөхийг шалгуур болгон шийдвэрлэх ёстой.
 
Түүнээс бус хүсэл зоригийг нөхөж тодорхойлж, түүхчлэн тайлбарлаж болохгүй. Учир нь талуудын хүчний харилцаа өөрчлөгдсөн байгаа. 
Сонгох, сонгогдох эрх бол улс төрийн суурь эрх. Энэ эрх нь өөрийгөө сонгохоос эхлээд бусдад итгэл хүлээлгэж сонгох эрх хүртэл өргөн хүрээг хамардаг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь одоогийн Ерөнхийлөгчийн өөрийгөө сонгох эрхэд халдаж байна уу? гэдэг нь гол асуудал. Одоогийн Ерөнхийлөгч өөрийгөө 4 жилээр сонгосон/ сонгогдсон, бас 1 удаа улиран сонгох/сонгогдох төсөөлөлтэй байсан. Энэ төсөөлөл нь өмнөх бүх Ерөнхийлөгчид өөрийгөө улируулан сонгосонтой холбогдоно. 4 жилээр одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох нь 1 удаа улиран өөрийгөө сонгох эрхийг хязгаарласан зохицуулалт болно. Эсрэгээрээ  2 жилээр сунгах зохицуулалт хийх нь мөн адил одоогийн Ерөнхийлөгчийн сонгох/ сонгогдох эрхэнд халдахаас гадна бусад иргэдийн өөрийгөө сонгох/ сонгогдох эрхийг шууд хөндөнө.  Иймээс одоогийн Ерөнхийлөгч дахин өөрийгөө нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд үүнд Үндсэн хуульт, эрх зүйт төрийн амин сүнс оршино.
 
 
 
Д.Баяр

Холбоотой мэдээ