Албан тушаалтнуудад тасчуулж буй АН

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

 

 

 

АН хоёр байртай, хоёр даргатай (нэг нь даргын үүрэг гүйцэтгэгч), хоёр тамгатай болчихлоо. Хойшид хэн хэн өөрийгөө энэ намын дарга хэмээн зарлаж, тамга хийлгүүлэн, хаа нэгтээ АН-ын далбааг байрлуулчихаад "Манай намын байр энд” гээд сууж байхыг хэн мэдлээ. Ер нь улс төрийн нам, аль нэг байгууллагад хэн нэгэн эзэн сууж, тамга тэмдгийг нь атгах, ядаж л ийм маягаар үл ойлголцол бий болгож, эргэлзээ үүсгэх нь манайд их амархан болсон нь энэ мэт нэг бус үйлдлээс харагдаж байна. Өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн ИТХ-д ХҮН-аас нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь товлосон хугацаанд нь өгөөгүй явдал ч тамганы хэрүүлээс л үүдэлтэй байв. Тус намын тамгыг дуурайлган хийсэн этгээд шүүхэд хандсанаар ХҮН хоёр тамгатай, хоёр даргатай мэт болж хувирсан бөгөөд тэднийг сонгуульд оролцуулахаар шийдвэрлэсэн Сонгуулийн хорооны шийдвэрийг шүүгч түдгэлзүүлснээр баахан асуудал үүссэн билээ.

Хэдийгээр гурван сарын зөрүүтэй болж буй үйл явдлуудыг ижил гэж хэлэхгүй ч тухайн үед ХҮН-ын хууль ёсны удирдлагууд нь "Цаашид аль ч намыг сонгуульд оролцуулахгүй байх, тамга тэмдгийг нь хуурамчаар үйлдэхгүй гэх баталгаа алга” хэмээн жагсаж явсныг эрхгүй санагдуулж орхив.

Уг нь АН парламент болон орон нутгийн сонгуулиудын дараалсан ялагдал, түүний шалтгаан, нөхцөлийн талаар дотооддоо эрүүл, ажил хэрэгч уур амьсгалтайгаар, нээлттэй ярилцаж, улс төрийн намын хувьд томоохон сорилт болох, айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох тактик, төлөвлөгөөгөө хэдийн боловсруулж, хэрэгжүүлээд эхэлчихсэн, хамгийн гол нь хүчтэй сөрөг хүчний байр сууриас ажиллаж байх учиртай. Харамсалтай нь, тэд одоо дээрээ суудлаа, доороо гүйдлээ олохгүй, бужигначихлаа. Ийм байхад АН-ынхнаас сөрөг хүчний дуу хоолой, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, намын шинэчлэл хүлээх нь илүүц биз. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ "АН хоёр хуваагдаагүй. Эрх мэдлээ хадгалах зорилго надад байхгүй. Дүрмийн бус үйл ажиллагаа явуулаад байгаа нь энэ намыг улам муухай харагдуулж буй учраас дуугүй хараад суухгүй” гэж хэлээд, намынхаа хуваагдлыг ил тод болгочихсон эл үйлдэл нь АН-ынханд алсыг харсан бодлого, үйл ажиллагаа явуулах боломж үлдээсэнгүй. Одоо тэд маргаандаа төрийн байгууллага, хууль шүүхийнхнийг татан оролцуулж, бүр ч "бантан” хутгана. Тухайлбал, С.Эрдэнэ өөрийг нь албан ёсны дарга болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас илгээсэн албан бичиг гэрчилнэ гэж байгаа бол Дээд шүүхийн цахим хуудаснаа түүнийг тус намын дарга хэвээрээ буйг илтгэх зүйл алга. Тэрбээр "Дээд шүүхийн цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, "АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч” гэсэн огт байхгүй албан тушаалд хүн бүртгэснээ залруулна гэсэн. Шаардлагатай гэж үзвэл цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулсан этгээдэд хариуцлага тооцуулна” хэмээн мэдэгдсэн ч Дээд шүүхийн цахим хуудсанд Ц.Тувааныг "үүрэг гүйцэтгэгч” гэсэн тайлбартайгаар бүртгэсэн нь өөрчлөгдөөгүй л байна.

Ийнхүү энэ намын эрх ашгийн эрэмбэ дараалал өөрчлөгдчихлөө. Ирэх жилүүдэд илүү шинэчлэгдэж, нэг нам төрд дангаар ноёрхсон буухиаг таслах болов уу гэсэн итгэл, найдвар алдарч байна. Юутай ч одоо тэдний хувьд Ерөнхийлөгчийн сонгууль тулгамдсан асуудал. Юуны түрүүнд дэвшүүлсэн хүнийг нь намын дарга, тамга тэмдгээс болоод бүртгэхгүй байх эрсдэлээс сэргийлэхийн тулд АН-ынхан түр боловч эвлэрэхээс аргагүй. Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий дөрвөн субъектийн нэг АН дотоод асуудал, бичиг баримтын зөрчлөөсөө болж нэр дэвшүүлж чадахгүй бол түүн шиг ичгэвтэр зүйл гэж үгүй биз. Хэдхэн хоногийн өмнө баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагааг санал хураалтын өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө эхлүүлэх ёстой. Эндээс тооцвол ирэх оны тавдугаар сарын 1 гэхэд АН-ынхан хүссэн ч, эс хүссэн ч эвлэрсэн байх ёстой болж таарах нь.

Мэдээж үүнтэй зэрэгцээд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн "зодоон” ширүүснэ. Өдгөө АН-д үүсээд буй нөхцөл ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх тэмцлээс улбаатай. Үнэндээ хагас жил таг дуугүй явсан С.Эрдэнэ гэнэт гарч ирсэн нь үүнтэй холбоотой боловуу. АН-ын төв байрыг С.Эрдэнийн "Шонхор тауэр”-ээс Л.Болдын "Бодь цамхаг” руу нүүлгэснээс энэ бүхэн ил гарсан гэхэд болно. Нэгэн цагт С.Эрдэнэд хөөгдөж явсан Л.Болд гэдэг хүний байр суурь АН-ын бодлого, үйл ажиллагаанд шийдвэрлэх нөлөөтэй болсны илрэл нь энэ. Сая цахимаар зохион байгуулсан их хуралд ч Л.Болд нөлөө бүхий байр сууриас оролцсон нь анзаарагдсан. Л.Болдын ард Ерөнхийлөгч Х.Баттулга бий. Тэрбээр өдгөөгөөс жилийн өмнө ШИНЭН-ыг үүсгэн байгуулж, энэ зун УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсоноосоо хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр ажиллаж буй билээ. Л.Болдоор дамжуулан АН-д өнөөгийн Төрийн тэргүүн өөрийн байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа гэх яриа гарах болсон нэгээхэн шалтгаан нь хагас жилийн дараа явуулах сонгуулиар Х.Баттулга тус намаас нэр дэвших зорилготой нь холбоотой. ШИНЭН-ын Төв зөвлөлийн дарга Л.Болдын байранд төвхнөж, Төрийн тэргүүн болохыг туйлаас хүссэн нэгэн түүгээр дамжуулан нөлөөгөө тогтоож байгаа нь өөр зүйлүүдээс ч анзаарагдсан. Тухайлбал, өнгөрсөн орон нутгийн сонгуульд нийслэлд АН-ыг удирдаж оролцсон Д.Пүрэвдаваа ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх байсан. Тэрбээр С.Эрдэнийг эсэргүүцэн жагсаж, суулт зарлаж явсан нэгэн.

Тэгвэл С.Эрдэнийн хүү, Зон олны намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр АН-д өрнөж буй үйл явцын ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж үзэж буйгаа нийгмийн сүлжээнд жиргэж илэрхийлэв. Тухайлбал, сая болсон цахим их хурлаар баталсан дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд түүнийг гар хүрсэн тухай дурдсан байна. Тодруулбал, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа "Намын анхан, дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн, гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж, хамгийн өндөр санал авсан хоёр хүнийг, нэг нэр дэвшигчтэй бол нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” гэж их хурлаар баталсныг өөрчилсөн талаар зарим эх сурвалж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, энэхүү дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүргүүлсэн төсөлд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд дээр дурдсан заалтыг баримтлалгүй, их хурал, эсвэл ҮБХ-гоор өрсөлдөгчгүй шууд дэвшүүлэх заалтыг сэм шургуулсан гэж байгаа юм. Гэвч АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, батлуулсан ажлын хэсгийн зүгээс "Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших хүсэлтээ илэрхийлбэл их хурлаар хэлэлцэнэ. Нэр дэвших хүсэлтээ ҮБХ-нд илэрхийлсэн хүмүүсийн хамт их хурлаар нээлттэй өрсөлдүүлэх юм. Одоогийн Ерөнхийлөгчийг шууд нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээллийг өрсөлдөгч хүчнээс зориуд гаргаж байгаа хэмээн хардаж байна” гэж тайлбарласан.

Гэхдээ энэ мэт маргаан өмнө нь ч гарч байв. Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараа болсон их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтийг С.Эрдэнийг өөрчилсөн гэж тус намын нэр бүхий гишүүд хэлдэг. АН-ын гишүүн С.Буяндэлгэр энэ тухай "АН-ын дүрмийн өөрчлөлтийг батлахаас өмнө намын даргын "сунгаа” болж, С.Эрдэнийг сонгосон. Хувь хүнээс шалтгаалж олон өөрчлөлт, дэвшилт санаанууд орвонгоороо эргэж, цөм нь хэрэгжиж чадаагүй. Шинээр сонгогдсон намын дарга дүрмийн ажлын хэсгийн боловсруулсан хувилбарыг их хурлаар батлагдахын урьд шөнө өөрчилж, дотоод сонгуулийн болон хяналтын байгууллагын гишүүдийг намын дарга санал болгодог байхаар тусгасан нь зарчмын хувьд туйлын буруу” гэж ярьсан юм.

АН-ын савнаасаа хальсан хагарал, хэрүүл нэр дэвшихээр горилогчдын сонгууль угтсан "ажиллагаа” болох нь энэ буюу. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд уг намаас нэр дэвшигч ялбал дараагийн Төрийн тэргүүн АН-ыг атгах санаархлаа бодитой хэрэгжүүлэх гэж зүтгэнэ. Эцэст нь тэд намынхаа шинэчлэлийг хойш тавина гэсэн үг. Харин тэд 2021 оны сонгуульд ялайвал шинэчлэлийн талаар илүү бодитой ярьж мэдэх юм.

 Unuudur.mn
Холбоотой мэдээ